[kml_flashembed movie="http://www.blog286.com/upfile/flash/070809/20.swf" width="400" height="400" wmode="transparent" /]
Энэ усны шувуудтай зургийг блогтоо оруулах гэж их удаан бодсон юм аа…Гэтэл ерөөсөө боломж ч гарахгүй бас тохирох сэдэв ч олдож өгөхгүй байлаа….Гэтэл харин мань Тима надад сэдэв өгдөг юм аа….Энэ өгүүллэгийг Тимагийн унших бичгийн номноос копидов.
Ангир
Туранхай, шарангуй царайтай хижээл авгайг Дулмаа гэнэ. Тэднийх Тамир голоор нутагтай. Дулмаа өөрөө хорь гаруй жил мал эмнэлэгт сувилагч хийжээ. Тэр хурга ишиг зэргийг ” Эвий минь, хөөрхий минь” гэж ямагт өхөөрдөнө. Үүгээр ч барахгүй тэднийд элдэв янзын адгуус амьтан элбэг үзэгдэнэ. Хэрэв тэднийд очвол, нохойд хазуулж бэртсэн нэгэн туулай шархаа боолгоод орон доор нь бувар бувар хийгээд хэвтэж байна. Далавч нь гэмтсэн нэгэн тагтаа гур- гур гэж дуугарсаар галын зах хавиас будаа ногоо түүж байх жишээтэй.
Намрын нэгэн өдөр Дулмаа дуудлаганд очоод буцаж явтал, Тамирын голын захын хэсэг бургасан дээгүүр нэгэн ангир эргэлдэн нисээд ” Ган-аа-ган, ган-аа-ган” гэж дуугарч байхыг хараад, очиж үзвэл, түүний ижил нь хөлөө модны салаанд тээглүүлээд гаргаж чадахгүй татсаар өрөөсөн хөл, нөгөө талын далавчаа сүрхий гэмтээсэн байв. Дулмаа түүнийг модноос нь салгасан боловч ангир нисэж чадахааргүй бэртжээ. Иймд Дулмаа гэртээ аваачиж, хөлд нь чиг барьж боогоод, далавчийг нь эмчилжээ. Нөгөө ангир тэдний тоонон дээгүүр хоёр хоног эргэлдээд алга болов. Хатуу цаг өнгөрч, хаврын урь оров. Ангирын хөл, далавч эдгэрээд нисэж чаддаг болсон боловч Дулмаагаас холдож чаддаггүй болжээ. Дулмаа ангираа ойр зуур нисэхээр нь:
-Миний ангир нааш ир. Хэмээн дуудаж, уйдаж байгаа байх гэж бодон онгоцонд ус хийж хөвүүлдэг байв. Ингэсээр зун болов.
Цэлмэг сайхан өдөр нэгэн ангир тэдний тоонон дээгүүр эргэлдэн дуугарсанд, Дулмаагийн ангир гэрээс гарч, түүн тийш дугарчээ. Дулмаа ангиртаа тэжээл өгч, сүү амсуулан үргээсэнд хоёр ангир ойлгосон юм шиг цэлмэг тэнгэрийн мандалд хөвөн хөөрөн явчихжээ.
Цаг улирал харвасан сум шиг өнгөрч, намрын нэгэн бүрхэг дүнсгэр өдөр боллоо. Гэнэт Дулмаагийн гадаа хоёр ангир нисэн ирээд, нэг нь холхон бууж, нөгөө нь мөрөн дээр нь суув. Дулмаа ангираа таниад, тэжээл өгч, хэл мэддэг юм шиг хөөрөлджээ. Түүний ангир тэгж хэсэг болсноо нөгөө ангираа дагаад, гэр дээгүүр нь хэдэнтээ эргээд өмнө зүгийг чиглэн нисэн одвоо…
Амьтан хүртэл ижлээ гээхгүй юм даа…Энэ хорвоогийн олон олон гэр бүл элэг бүтэн, аз жаргалтай сайн сайхан амьдрах болтугай
![]()