Зураг нь солигдсон эмгэний зальжин инээмсэглэл
Намжилсүрэн одоогоос олон жилийн өмнө талийгаач болсон эмээгийнхээ жаазалсан зургийг харж суув. Тэр зураг их эртний зураг болохоор эмээгийнх нь нүүр ам бараг танигдахгүй ч үр хүүхэд нь байнга арчиж цай хоолныхоо дээжийг өргөнө. Хүү баахан харж сууснаа жаазны ар талын модон тагийг авч зургийг нь үзэв. Намжилсүрэнг харсаар байтал зураг улам тодорч эмгэний нүүрэнд зальжин инээд үзэгдлээ. Тэгтэл гэрт хүн явах чимээ сонсогдож хаалга аяндаа онгойв. Хүү гайхан өрөө тасалгаагаар орж үзсэн ч юу ч байсангүй. Гэсэн ч хөлийн чимээ сонсогдон цонх савчиж хэн нэг нь тоглоод байгаа мэт санагдав. Намжилсүрэн энэхүү чимээг дээд талынхаа айлаас сонсогдож байна гэж бодоод мухрынхаа өрөөнд орон унтахаар хэвтлээ. Гэтэл дөнгөж нүдээ анив уу үгүй юу өрөө тасалгаа нь өөрчлөгдөж тэрбээр шавар байшинд хэвтэж байх юм гэнэ. Ээж, аав, хамаатан садан нь бүгд дор бүрнээ ямар нэг юм хийхээс гадна модон авсыг улаан хар хилэнгээр бүрж байлаа. Намжилсүрэн нүдээ хагас анин хэвтэж байтал эмээ нь бас нэг эмээтэй хамт орж ирээд “Энэ бол миний гэр орон учраас чи энд байх ёсгүй. Одоохон яв” гэж нөгөөхөө хөөлөө. Тэгтэл цаад эмгэн нь “Чи бид хоёр адилхан энд байхгүй ч сүнс маань үргэлж байсаар байх болно. Би өөрийнхөө гэрт баймааргүй байна. Тэнд очихоор эрт эдүгээгийн зовлонт амьдрал маань санагдаад байдаг юм. Тэгэхээр хоёулаа байраа сольчихъё” гэж гуйх ажээ. Тэр хоёрын яриаг хүмүүс огт сонсохгүй байгаа бололтой тус тусынхаа ажлыг хийцгээнэ. Гэтэл гаднаас нэг залуу орж ирээд “Талийгаачийн томруулсан зураг их бүдэг гарчээ” гээд нэгэн зургийг гаргаад жаазанд хийв. Намжилсүрэн зургийг сайтар ажиглабал огт танихгүй эмгэнтэй их адилхан байсан бөгөөд нөгөө эмгэн ч жаазанд тулж ирснээ эргэн тойрноо зальжингаар харж байв. Түүний ойролцоо зогсож байсан Намжилсүрэнгийн эмээ санаа алдсанаа хана нэвтлэн гэрээc гараад явчихав. Хүү эмээгээ дуудах гэтэл киноны хальс жирэлзэх шиг бүх зүйл өөрчлөгдөөд одоогийн амьдарч буй байшиндаа хэвтэж байлаа. Тэрбээр өндийн чимээ чагнавал мөн л хөлийн чимээ сонсогдож авдар шүүгээний хаалга онгойж хаагдаж байх шиг байв. Энд хэн нэг нь өрөөгөөр тэнүүлчиж бүх юмсыг нь саваагүйтэн сонирхож буй мэт хүүд санагджээ. Энэ өдрөөс хойш удаа ч үгүй тэднийх нүүж өөр газар суурьшсан ч байдал хэвээрээ л байсан байна. Сүүлдээ Намжилсүрэнгийн гэрийнхэн хөлийн чимээ, санаа алдалт, цонх савчин онгойх зэргийг тоохоо байв. Цаг хугацаа харавсан сум шиг урагшилж Намжилсүрэн сургуулиа төгсөж цагдаагийн ажилтан болов. Тэрбээр нэг удаа хүн амьны хэрэг болсон газар очиж үзлэг хийхээр болжээ. Түүнийг очиход тэр айлын бүх эд зүйлс энд тэндгүй хөглөрч эх захаа алдсан байв. Бүх юмыг үзэж явтал нэг жаазтай зураг доош харан хэвтэж байлаа. Намжилсүрэн санаандгүй авч үүзтэл тун танил царай харагдав. Сайтар ажиглабал эмээгийнх дүр төрх тодорсон байна. Түүний царай өрөвдөлтэйгээр үрчийж байснаа төдхөн бүдгэрчээ. Намжилсүрэн тэр зургийг сэмээрхэн өвөртлөөд ажлаа цааш нь үргэлжлүүлжээ. Тэгээд оройхон хэрд хариад хоёр зургийг зэрэгцүүлэн тавьлаа. Танихгүй эмээгийн зальжин инээд аль хэдийн алга болсон байв. Тэгмэгц Намжилсүрэн тэр зургийг алурчны гэрт аваачиж тавихаар авах гэтэл өөрийнх нь эмээгийн зурагнаас гэрэл ойх шиг болж нүдийг нь гялбуулав. Тэрбээр хэсэг зуур нүдээ дарж хэсэг сууснаа хоёр зургийг зэрэгцүүлэн тавиад сайтар ажигласан байна. Тэгтэл хоёр эмгэний нүүрэнд баярласан шинж тодорч нүдээ зальжнаар ирмэцгээх шиг санагджээ. Үүнээс хойш Намжилсүрэн хоёр зургийг хоймортоо зэрэгцүүлэн тавьж хүмүүст “Манай элэнц эмэг, эмээ хоёр” гэж тайлбарлах болжээ. Тэрбээр хааяа жаазны арын тагийг онгойлгоход гэрт хөлийн чимээ, настай эмгэд аяархан шивнэн хөхрөх чимээ сонсогдоно. Сүүлдээ Намжилсүрэн гэртээ шинэ эд зүйл авах болгондоо жаазныхаа арыг онгойлгодог болов. Тэгэнгүүт л нөгөө авчирсан зүйлийг нь хэн нэг нь хөдөлгөн сонирхож байгаа нь сонсогддог болсон байна. Түүнийг нүдээ анин хэвтэнгүүт эмгэд түүний хацрыг илж байгаа мэт зөөлөн салхи нүүрийг нь ирвэгнүүлдэг аж. Хүмүүс тэдний гэрийг хий үзэгдэлтэй гэж ярьдаг ч Намжилсүрэнгийн үр хүүхэд өнөөг хүртэл хоёр эмгэний зурагны өмнө зул өргөж цай хоолныхоо дээжийг тавьсаар байгаа юм.
6 Сэтгэгдэл
ene tegeed yu gesen utgatai yum ter 2 emgen yaviin ? lokic ni yu yum ve? hehehe
oilgoj yadah yu baina aa.hoorhii achlalghui urtei ehiin suns ni horgodoh gazar haij yavaad l oor aild suns ni horgodohgui yu daa.Ooriih ni huuhduud halamj hairaa ogdoggui l baihgui yu.Yavj yavj ter huu ih sain hun yum.ooriin ehees yalgahgui hamtad ni zurgiig ni deedlesen baigaa biz dee…
zo
Ene xenii zoxioliin bol oo? Zoxiogchiinx ni neriig tavij uguuch. Ix saixan ugyylleg baina. Bi ter zoxiogchtoi xolbogdmoor l bna.
gunjhen mini ee egch ni bas sain medehgui yum aa.Yamar ch baisan tuuver oguulleguudees avsan yum aa.
evgui yum aa